БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 259-р тогтоолоор Театрын музей байгуулахаар шийдвэрлэж, 1974 оноос Дүрслэх урлагийн музейн салбар болгон байгуулж, Дайчин Чин ван Ханддоржийн өргөөнд нээн ажиллуулахыг заасан үеэс Театрын музейн түүх эхэлдэг.
Театрын музейг хэрхэн байгуулах болсон тухай архивын баримтаас сөхвөл:
Соёлын яам уг тогтоолын дагуу музейн бэлтгэл ажлыг хангах комисс томилон музейн үзүүллэг дэглэх, сэдэвчилсэн төлөвлөгөө болон эскиз загварыг боловсруулан эрхлэгчийн орон тоог баталж, Дайчин чин вангийн сүмийг зассан байна. Зарим уран бүтээлчид Чин ван Ханддоржийн өргөөнд театрын музей байгуулах нь талбай багатай, галын аюулд өртөж болзошгүй, халаалтгүй зэрэг байдал нь үзмэр муудахад нөлөөлж, тохиромжгүй гэсэн асуудлыг тавьснаар музей байгуулах ажлыг түр хойшлуулсан байна. Ийнхүү музей байгуулах тогтоол шийдвэр гарснаас хойш 15 жилийн дараа буюу 1988 оноос соёл, урлагаа гэсэн сэтгэлтэй хүмүүс Театрын музейг байгуулах асуудлыг дахин дэвшүүлэн тавьж, хэвлэл мэдээлэлд сурталчилж, биечлэн идэвхтэй хөөцөлдсөний ачаар тус музейг байгуулах ажил дахин сэргэжээ.
1989 оны 9 дүгээр сараас эхлэн Театрын музейг байгуулах ажил өрнөж, нэрт эрдэмтэн, театр судлаач Э.Оюун, Ардын зураач Л.Гаваа, уран барималч Д.Гүрдорж нарын удирдлагаар соёлын ахмад ажилтан Ө.Бүрнээ, зураач Т.Тунгалаг, театр судлаач Ш.Буянжаргал, сан хөмрөгч Н.Татьяна нар музейн үзмэр үзүүллэг дэглэлтийг нарийвчлан тодотгож, холбогдох үзмэр цуглуулгыг бусад ажилтай хамтруулан хийж, үзүүллэг дэглэлтийг театрын зураач Ч.Гунгаасүх удирдан гүйцэтгэсэн байна.
Ийнхүү тус музейг байгуулах албан ёсны тогтоол шийдвэр нь гарсан боловч зориулалтын орон байргүйн улмаас хойшлогдсоор 1991 оны 3 дугаар сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр Соёлын төв өргөөний 3 дугаар давхарт нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Утас: +976 (11)311320, 99035028
И-мэйл: mgltheatre@gmail.com
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Соёлын төв өргөөний “А” корпус Монголын Театрын музей
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Монголын Театрын Музей
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Монголын Театрын Музей