Соёлын яамнаас зохион байгуулж буй “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” 2024 оны 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд болно. Та бүхэн манай музейгээр зочилж боловсролын ажил, түүхэн баримтад киног үзэж сонирхоорой.
Музейгээ соёлтой үзэж, түүх соёлоо эрхэмлэн дээдэлье.

3 сарын 1-ний өдөр Монголын Театрын музейгээр нийт 149 хүн үнэ төлбөргүй үйлчлүүлсэн байна. Үзэгч та бүхэн музейн нээлттэй өдрүүдээр Монголын Театрын музейгээр зочилж баримтат кино үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Та бүхэн манай музейг зорин ирээрэй. #музейннээлтэйөдрүүд2024 #СоёлынЯам

Музейн нээлттэй өдрүүд 3 дахь өдрөө үргэлжилсээр…

 

Эрхэм хүндэт Та бүхнийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга Дамдины Пагмадулам-д зориулсан “Ширхэг цагаан сувд” гэрэл зураг, хувийн архивын үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг уръя. Үзэсгэлэн: 2024 оны 03 дугаар сарын 15-ны 13 цагт Монголын Театрын музейд

   XX зууны Шинэ Монголын нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, утга зохиолыг үндэслэгч Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн анхны гэргий Дамдины Пагмадулам нь 1905 онд мужаан Дамдины охин болон мэндэлжээ.  Тэрээр 1923 оны 12 дугаар сард МАН-д орлогч гишүүнээр элсэж, Бүсгүйчүүдийн тасаг байгуулагдахад эрхлэгч ба нарийн бичгийн даргаар, 1925 онд намын 2661 тоот бат илэрхийлэхтэй байж, 1925-1926 онд Ленинград, 1926-1929 онд Герман улсад Эмэгтэйчүүдийн дээд сургуульд суралцаж байгаад 1929 оны хавар эх орондоо эргэн иржээ.  Дамдины Пагмадулам нь тухайн үеийнхээ эрдэм боловсролтой сэхээтэн эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд хувь заяаны учралаар Монголын Эмэгтэйчүүдийн холбооны анхны даргаар сонгогдож, ороо бусгаа цагийн улс төрийн шуурганд өртөн хэлмэгдэж хохирч явсан эмэгтэйчүүдийн нэг юм.  Дамдины Пагмадуламын амьдрал тэмцлийг нэгэн зууны дараа нэхэн дурсаж, “ШИРХЭГ ЦАГААН СУВД” үзэсгэлэнг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Удмаа дээдэлье” ТББ, Д.Пагмадуламын үр хүүхэд ач зээ нартай хамтран зохион байгуулж байна.Үзэсгэлэнд судлаачдын домогт бүсгүйн амьдралын ээдрээт замыг судлан баримтжуулсан 20 гаруй ном, 30 гаруй гэрэл зураг, 50 гаруй архивын материалыг дэглэн үзүүлж байна.  Үзэсгэлэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Монголын театрын музейн үзэсгэлэнгийн танхимд 10.00-16.00 цаг хүртэл гарна.

   Дэлхийн яруу найргийн өдөр болон XX зууны Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч Мөрдэндэвийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “1930-аад оны Монгол утга зохиолын онолын сэтгэлгээний шинэчлэл ба Мөрдэндэвийн Ядамсүрэн-120” эрдэм шинжилгээний хурал Монголын Театрын Музейд зохион байгуулагдлаа. Зохион байгуулагч: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Утга зохиол судлалын салбар,    Хамтрагч байгууллага: Монголын зохиолчдын эвлэл, Монголын Театрын музей. Олон сайхан илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачиддаа баярлалаа.
 
   
 
    Эрхэм хүндэт Үзэгч таныг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Олон улсын театрын өдөр”-т International Theatre Institute зориулсан “ТҮҮХТ БӨМБӨГӨР НОГООН ВИРТУАЛ ОРЧИНД” үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
    Та ZEV Digital Museum хамт олны орчин үеийн дижитал технологи ашиглан, бодит мэт амьдруулсан цахим Бөмбөгөр ногоон театрт зочлон, судлаач Ч.Болд, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн Тэргүүн , судлаач С.Түвдэндоржтой хамтран дэлгэж буй Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театрын уран бүтээлчдийн уран зураг, зурагт хуудас, гэрэл зураг, үнэмлэх, 1927-1949 онд тайзнаа тоглогдсон жүжгийн хөтөлбөр, ном, сэтгүүл, пянз зэрэг 100 гаруй үзмэрээр мэлмий, оюунаа мялаана уу.
    Монгол Угсаатны хөгжмийн товчоо, Монголын Театрын музейн хамтын ажиллагааны хүрээнд “Чүрэ клуб” нь Алтай ятга, Буган ятгын сургалтад хүссэн хүн бүхэнд нээлттэй үйл ажиллагааг Бямба гараг бүрийн 11:00 цагт монголын театрын музейн “Агуй О2” аuditorium өргөөнд явуулж байна. Тус сургалтад бүх насны хүмүүсийг авьяас, билэг шалгахгүйгээр элсүүлнэ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй хамтран Гамшгийн эрсдлийн сургалтыг зохион байгууллаа. Сургалт зохион байгуулж хамтран ажилласан Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн хамт олонд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороог байгуулж улмаар уг хорооны харьяа кино үйлдвэрийн газрыг байгуулжээ. Мөн онд Монголын анхны кино театр болох “Ард” кино театр үүд хаалгаа нээжээ.1936 онд “1936 оны Май 1” нэг бүлэгт баримтат киног бүтээсэн нь Монгол кино үйлдвэрийн анхны бүтээл, 1938 онд “Норжмаагийн зам” 2 бүлэгт анхны дуугүй уран сайхны кино, 1945 онд “Цогт тайж” 2 анги 15 бүлэг уран сайхны киног тус тус бүтээжээ.Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын кино урлагийн зөвлөл”-ийн санаачилгаар Монголын киночдын өдөр болгон 2012 оноос тэмдэглэж иржээ.Монголын Театрын музейгээс нийт киноны уран бүтээлчдэдээ баярын мэнд хүргэе.

Улсын Хүүхэд Залуучуудын театрын нээлтэд зориулсан “Монголын Театрын музейн үзмэрийн дээжис” үзэсгэлэн 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 1830 насанд хүрэгч, 1050 гаруй хүүхэд багачууд зочлон, Монгол Улсын тайз, дэлгэцийн алтан үеийнхний хөрөг зураг, тоглолтын хувцас, олноо Бөмбөгөр ногоон хэмээн алдаршсан Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн VR виртуал үзвэрийг үзэж сонирхлоо. Хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа.Улсын Хүүхэд Залуучуудын театрын хамт олондоо цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

 СЭТГҮҮЛ ЗҮЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА:ЁС ЗҮЙГ ХАМТДАА АМЛАЯ! уулзалт 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.

 
🇲🇳“МОНГОЛ ГЭР” ҮЗЭСГЭЛЭН
✅ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол гэрийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
✅Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан 21 аймаг (Монгол гэр)-ийн угсаатны онцлогыг харуулсан тус үзэсгэлэн 2024 оны 5 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
✅Монголын Театрын музей, Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газартай хамтарсан “ЧОЙР ХИЙЦИЙН ӨРГӨӨ” цагаан гэрээр зочилж, Монголын түүх, соёлын өв болох монгол гэрийн гарал үүсэл, түүх, ур хийц, зан заншилтай танилцахын зэрэгцээ олон сонирхолтой урлагийн боловсролын хөтөлбөрт оролцохыг урьж байна.
📍Хаана: Сүхбаатарын талбай
⏳Хэзээ: 2024.05.04-2024.05.12
🕘Цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 10:00-18:00

Соёлын өвийг хамгаалах тухай 2003 оны #ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг түгээн дэлгэрүүлэх, Монголын өв уламжлал, соёлын үнэт зүйлийг сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэх зорилготой “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнд Говьсүмбэр аймгийн онцлог түүхийг агуулсан “ЧОЙР ХИЙЦИЙН ӨРГӨӨ” гэрээр зочилж, Монголын Театрын музейн боловсролын хөтөлбөрт хамрагдаарай.

“Монголын Театрын музей, Говьсүмбэр аймгийн “Чойр хийцийн өргөө” хөл хөдөлгөөнтэй зочин гийчин ихтэй 8 дахь өдрөө үргэлжилж байна. “Монгол гэр” үзэсгэлэн өндөрлөхөд 2-хон өдөр үлдсэн тул амралтын өдрөөрөө ирж үзэхийг урьж байна.

Олон Улсын музейн өдрийг угтан “МУЗЕЙН БОЛОВСРОЛ СУДАЛГААНЫ ТӨЛӨӨ” сэдвийн дор Монголын Театрын музейн захиалгаар “Эрт урьдын цагт театр”-н Зохиолч найруулагч МУСТА “Гэгээн муза” ОУ-н театрын наадмын 3 удаагийн алтан цомын эзэн Г.Мишээл, Туслах найруулагч МУСТА”Гэгээн муза” ОУ-н театрын наадмын 2 удаагийн алтан цомын эзэн Ч.Уранбилэг нарын зохиол “Мэдэмхий Намжил” цоо шинэ хүүхэлдэйн үлгэрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.Энэхүү үлгэрийг үзэж сонирхон анхны үзэгч болсон СХД-н Нийслэлийн Ерөнхий боловсролын 104-р сургуулийн Г.Дэлгэрмаа багштай 1е ангийн сурагчдадаа баярлалаа.Эрт урьдын цагт театр”-н Зохиолч найруулагч МУСТА Г.Мишээл, Туслах найруулагч МУСТА Ч.Уранбилэг нартаа маш их баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монголын Театрын музейн Бүртгэл мэдээллийн санч Ж.Энхжаргал “Соёлын Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Эрдэм шинжилгээний ажилтан М.Мөнхзаяа Соёлын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараараа манлайлж, сэтгэл зүрх, залуу насаа зориулж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн сацуу Монголын Театрын музейн нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэе.😘😘👍👍Монголын Театрын музейн хамт олныг Олон улсын музейн зөвлөлөөс “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж, шагналын хур буусан баярт өдөр байлаа.

Эрхэм хүндэт ҮЗЭГЧ таныг Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Жүмпэрэлийн Саруулбуянгийн “ТУНСАГ ЕРТӨНЦ” уран зургийн үзэсгэлэн, “УЛИРАЛ & ЗОХИОЛЧ” сэтгүүлийн тусгай дугаарын нээлтэд урьж байна.                                                                                       Нээлт: 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 11:00 цагт Монголын Театрын Музейн Үзэсгэлэнгийн танхимд болно.                                                                   Хамтран зохион байгуулагч: Монголын зохиолчдын эвлэл, Монголын урчуудын эвлэл, Соёлын өвийн үндэсний төв.

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхчүүдийн Холбоотой хамтран “ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ-2024″ хүүхдийн баярын арга хэмжээтэй хамтран ажиллаж “Царцаа намжил” таягт хүүхэлдэйг 100 гаруй хүнд тоглож сонирхууллаа. Хамтран ажилласан Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхчүүдийн Холбоонд талархал илэрхийлье.

   “УРАН ЦУТГУУРЫН УРЛАГ” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн 2024     оны 06 дугаар сарын 5-ны 11:00 цагт Монголын Театрын музейн  үзэсгэлэнгийн танхимд болно.                   Та бүхнийг морилон ирэхийг урьж байна.                                                                                                              Уран бүтээлчид:  Д.Гэрэл                                                                                                                                                               Г.Болор-Эрдэнэ                                                                                                                                                   Х.Хадхүү                                                                                                                                                                Д.Батжаргал                                                                                                                                                          Б.Бат-Эрдэнэ

    Бүгд Найрамдах Солонгос Улсын 40 орчим мэргэжлийн гэрэл зурагчдын хамтарсан “УЛААНБААТАР ХОТЫН ТУСГАЙ” үзэсгэлэн 2024 оны 07 дугаар сарын 20-ний 12:00 цагт Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Та бүхэн морилон ирж уран бүтээлчдийн 150 гаруй бүтээлээр мэлмий оюунаа мялаана уу.
Зохион байгуулагч нэрт гэрэл зурагчин https://www.facebook.com/profile.php?id=61557809815734
Photography Academy of Mongolia
Гэрэл зурагчин Honghee Kim өмнө Монгол улсад хэд хэдэн удаа ирж уран бүтээлээрээ гэрэл зургийн цомог хэвлүүлж байсан юм.
   Энэ удаагийн үзэсгэлэнгийнхээ талаар тэрээр:
Өмнөд Солонгосын мэргэжлийн гэрэл зурагчин уран бүтээлчид Монгол улсад айлчилж Улаанбаатар хотод 2024 оны 7 сарын 20-ноос 26-ны хооронд үзэсгэлэнгээ дэлгэж байна. Энэ хэдийгээр жижиг хэмжээний уран бүтээлчдийн арга хэмжээ мэт боловч 2 орны соёлын солилцоо уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, уулзалтын эхлэл болж байгаа юм.
Солонгос болон Монгол улсууд маш найрсаг харилцаатай байдаг. Тэр харилцааг нэмэгдүүлдэг зүйл бол соёлын холбоо юм. Тиймээс энэ онцгой үзэсгэлэн Улаанбаатарт зохион байгуулагдаж буй нь ихээхэн ач холбогдолтой.
  Цаашид Монголын уран бүтээлчдийг Солонгост үзэсгэлэн гаргах боломжийг нэмэгдүүлэх, Солонгосын уран бүтээлчдийг Улаанбаатарт тогтмол үзэсгэлэн гаргахыг бид хүс ч байна. Энэ нь хоёр орны харилцан соёлын болон уран бүтээлийн хөгжилд эерэг ирээдүйг санал болгож буй гүүр юм.
Гэсэн хэдий ч бие биеийнхээ итгэлийг олж, харилцан хүндэтгэж, энэ гэрэл зургийн үзэсгэлэнгээр дамжуулан илүү ирээдүйг харсан хөршүүд болохыг хүсэн хүлээж байна.

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, зууны манлай Л.Цогзолмаа гуайн 100 насны ойн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын урлагийн ажилтын холбоо, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн үр хүүхдүүд хамтран ойн үйл ажиллагааг зохион байгууллаа. “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” дурсамж номын нээлт болсон юм. Энэ үеэр Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээлийн замнал эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. “Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээл”, “Л.Цогзолмаагийн Монголын дууны урлагт оруулсан хувь нэмэр”, “Хөгжимчний үйлс-Уран бүтээлийн замналаас”, “Цооцоо-Найруулагч”, “Л.Цогзолмаагийн ардын дууг дуулах арга барил”, “Л.Цогзолмаа-Үндэсний хөгжимт драм, дуурийн урлаг”, “Л.Цогзолмаагийн нэрэмжит Ардын дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын уралдааны ач холбогдол” сэдэвт илтгэлийг урлаг соёлын салбарын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэв.

“Морьтны гайхамшиг 50 жил” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Морьтны гайхамшгийн үе үеийн уран бүтээлчдийн гэрэл зургийн дээжсээс та бүхнийг үзэж сонирхохыг урьж байна. Үзэсгэлэн 2024 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Монголын Театрын музейд өдөр бүр 09.00-16.30 хүртэл гарна.

“ЗУРАГТ ХУУДАС” сэдэвт шуудангийн марк, анхны өдрийн дугтуйны нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Монголын уран зургийн галерейд боллоо. Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Хүүхдийн урлагийн долоо хоног” 1982 оны зурагт хуудас, Зохиолч Ч.Чимид, Л.Ванган, Найруулагч Д.Жигжидийн “Өглөө” уран сайхны киноны 1968 оны зурагт хуудас шуудангийн марк болж хэвлэгдэж байгаагаараа онцлог юм.

Монголын Театрын Музейгээс “Оросын зохиолчдын бүтээл монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Увс аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэж, нээлтэд Галина Попова, Алевтина Мария тэргүүтэй ОХУ-ын судлаачид, ЕБС-ийн сурагчид оролцлоо. Мөн ОХУ-ын Красноярскийн хязгаарын Курагинский суурины Соёлын төвийн музейн ажилтнууд урилгаар үзэж сонирхлоо. Монголын Театрын музейн Арга зүйн албаны дарга А.Янжив, эрдэм шинжилгээний ажилтан М.Мөнхзаяа нар Увс аймгийн музейн ажилтнуудад “Үзмэрийн хаяг тайлбарыг QR кодоор уншуулах” нь, “Соёлын биет бус өвийг музейд хадгалаж хамгаалах” нь сэдэвт, ЕБС—ийн сурагчдад “Эгдүүхэй” сүлжмэл тоглоомын сургалт зохион байгууллаа. Хамтран ажилласан Цэдэнбал Шагдар захиралтай Увс аймгийн музейн хамт олон, арга зүйч Анхбаяр Энхтайван, сан хөмрөгч Tsendee Batsuuri, эрдэм шинжилгээний ажилтан Гэрэлээ Насан, тайлбарлагч, боловсролын ажилтан, БМС нарынхаа цаашдын ажилд амжилт хүсье!

Бидний цаашид уламжлал болгоод авч явах нэгэн эвент үйл ажиллагаа удахгүй мэндэлж биежих нь дээ. Жил бүрийн хавар бид дэлхий даяар болдог “Record Store day” өдөрт зориулан “Улаанбаатар Галерей”-тай хамтарч “Vinyl and Music” өдөрлөгөө уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Яг үүн шиг намрын нэг эвенттэй болох санаа зорилго, хүсэлтийг маань “Монголын Театрын Музей” хүлээн авч 10 сарын 11-13 ны хооронд “Vinyl_&_MusicНамрынBigSale” эвент өдөрлөгийг хамтран зохион байгуулахаар боллоо.
Төв талбайн хажууд СТӨ-нд байрладаг тул энэ бөглөө таглаа түгжрэлтэй үед хэн бүхэнд амар гэж давхар бодож сонголтоо хийлээ. Өдөрлөгт оролцох пянзны дэлгүүр, пянзны арилжаа эрхлэгч нөхөд минь холбоо бариарай. Бас өдөр товлогдсон тул ажил албаа эртхэн зохицуулж бэлтгэлээ хангаарай. Энэ намрын эвент өдөрлөгийн гол мессеж нь Big Sale! (хямдралтай худалдаа), тэр дундаа Монгол пянзнууд дээрээ онцгой хямдрал зарлаж үнэ тогтворжуулах аян эхлүүлцгээе.
Өдөрлөгийн бас нэг том сюрпрайз нь манай усан будгийн зургийн мастер уран бүтээлч Khoski Art -ийн сүүлийн үед бүтээн урласан дэлхийн рок поп оддын хөрөг зургийн үзэсгэлэн гарна. “ТАРА” арт галерейн хамтарч дэглэн зохион байгуулах энэ үзэсгэлэнгээс өөрийн таалагдсан бүтээл, дуртай оддынхоо зургийг худалдан авч болох боломжтой юм шүү. Хөгжмийн өрөө, өөрсдийн ажиллуулдаг пав баар ресторан, кофе шопоо чимэх оригинал уран бүтээлтэй болоод авах боломж шүү. Дуртай артистынхаа хөрөг зургийг эртхэн захиж хэлээрэй. Цор ганц хувь учраас өөр хүнд алдаж дараа нь харамсах явдал гарах вий. Хамтдаа энэ намрын халуухан цугларалтыг хичээн чармайн сайтар зохион байгуулж жаргацгаая! #БүхНийтийгПянзжуулахАянХөтөлб
Монголын Театрын музейд энэ сарын 12,13, 14-нд зохион байгуулагдах “Vinyl & Music – Намрын Big Sale” өдөрлөг пянзны баяр наадмын үеэр олон сонирхолтой чухал үйл ажиллагаа зохион байгуулахын нэг нь Hi End audio дуугаралтын хаадын эхний эгнээнд түүчээлж явдаг “Burmester” брэндийн сет хөгжмийн танилцуулга юм. 12-ны хагас сайнд болох энэ танилцуулга 12.00-18.00 цагийн хооронд үргэлжлэн таны хүртээл болно. Та бүхэн аудио дуугаралтын цэвэр нандиныг хүрэлцэн ирж мэдрээрэй.