“БӨМБӨГӨР НОГООН” БА ЙОСЕФ ГЕЛЕТА /2011 он/ Унгар улсын иргэн Йосеф Гелета гэгч хүний адал явдалт амьдралын зурвас үе нь Монгол оронтой хэрхэн холбогдох, өөрт тохиолдсон зүйлсийн талаар бодит тэмдэглэлийг ном болгосныг А.Цэрэнчулуун хөрвүүлэн уншигч олноо хүргэсэн.
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” аялгуут жүжгийн түүхэн хөгжил /2005 он/ Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим 3 бүлэг, 5 үзэгдэлт монголын түүхэн дуурь буюу дуулалт жүжиг “Учиртай гурван толгой” хэмээх Монголын анхны дуурийн тухай урьд өмнө нь мэдэгдэж, нийтлэгдэж байгаагүй эх хэрэглэгдэхүүн олноор орсон сэдэвчилсэн бүтээл билээ.
АРДЫН ХӨГЖИМ /2016 он/ Уг танилцуулга товхимлыг Монголын Театрын музейн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан музейгээс 2016 онд эрхлэн гаргасан. Тайз, дэлгэц, дуу бүжгийн салшгүй хэсэг болох ардын хөгжмийн зэмсгийг үзэгч олон, мэргэжлийн судлаачид, оюутан, сурагчдын сонирхол, судалгааны ажилд хувь нэмэр болох, мэдээлэл авах сурталчлах, танин мэдүүлэх, музейд хэрэгтэй хөгжмийн зэмсгийг цуглуулах зорилготой. Уг товхимолоос манай музейд хадгалагдаж буй зарим хөгжмийн зэмсгүүд, зарим түүхэн хүмүүсийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдийн талаар мэдээлэл авч болно.
СОЁЛ, УРЛАГИЙН АЛДАРТНУУД /2005, 2018 он/ Төр засгаас соёл, урлагийн уран бүтээлчид, ажилтныг дэмжин урамшуулж алдар цол олгож ирсэн, 1935-2010 он хүртэлх алдар цолтнуудын тухай товч мэдээлэл бүхий лавлах нь манай улсын соёл, урлагийн алдарт цолтнуудыг хамарсан анхны баримт бичиг юм.
“МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ” /1994 он/ Монгол улсад музейн байгууллага хэрхэн үүсэж хөгжсөн, үндэсний музейн түүхэн замналын тухай тэмдэглэл
“БӨМБӨГӨР НОГООН ТЕАТР” /2019 он/ 1926-1927 онуудад баригдан, 1931 онд нээлтээ хийсэн Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу “Бөмбөгөр ногоон” театрын тухай урьд өмнө цөөнгүй ном тохимол хэвлэгдсэн боловч энэхүү цомогт “Бөмбөгөр ногоон” театрын шастир түүхийг баримт-гэрэл зургаар тод томруун харуулснаараа онцлогтой.
“БИДНИЙ БАХАРХАЛ” МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ /2023 он/ Монголын Театрын музейн 30 жилийн ойд зориулан гаргасан музейн түүхэн замналыг баримт бичиг, гэрэл зургаар баримтжуулан харуулсан. Эрхэм уншигч Та бүхэн энэхүү эмхтгэлээс Монголын Театрын музейн тухай мэдээлэлтэй танилцах болно.
“ТЕАТР БИДНИЙ ГЭР” /2005 он/ Музейд хадгалагдаж байгаа мэдээллийг олны хүртээл болгох, театр судлалын хүрээнд хамруулах зорилгоор музейд зохиогдсон уулзалт, ярилцлагуудыг товчлон нийтэлсэн.
ХООСОН ХАЙРЦАГНУУД /2005 он/ Уг танилцуулгыг Монголын Театрын музей, Шведийн Стокгольм хотын музей, Чили улсын Өмнөд Их сургуулийн Валдив дахь Түүх ба Антропологийн музейн хамтарсан төслийн ажлын хүрээнд хэвлэн гаргасан. Соёлтой харьцах боломж багатай хүүхдүүдэд соёлын өвийг ойртуулах зорилготой төслийг 2006 онд хэрэгжүүлсэн ба дэлхийн гурван өөр өнцөгт байрлах Чилийн Лос Риос мужийн Рупумейка Алто хот дахь Гиндос сургууль, Монголын Өвөрхангай аймгийн 1 дүгээр бүрэн дунд сургууль, Шведийн Стокгольм дахь Буссенхюс сургууль, Spanga By Play төвийн хүүхдүүд хэрхэн хамрагдсан тухай, төслийн үйл явцын талаар мэдээлэл авах болно.
ЗУРАГТ ХУУДАС /2022 он/ Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн гэрэл зураг, зурагт хуудас, ном товхимол, хувцас, макет, эскиз, кино аппарат хэрэгсэл, ардын уламжлалт хөгжмийн зэмсэг зэрэг нандин үзмэрүүд хадгалагдаж байдгаас 250 гаруй зурагт хуудсыг он дарааллаар, төрөл зүйлээр ангилан хэвлүүлэн гаргасан нь олны сонирхлыг ихэд татсан билээ.