Alternative text
Зураг 7. “Ардын цэнгэлдэх хүрээлэн” буюу Улсын Төв театрын барилгын макет Б.Ганзам 2012 он

ТАЙЗНЫ УРЛАГИЙН ТАНХИМ

Ордны театр болон шашны гэрийн театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оноос хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгууллагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж иржээ.

1921 оноос уран сайхны бүлгэмийн гишүүд (жүжигчид)-ийн идэвхтэй үйл ажиллагаа, төр засгийн бодлого дэмжлэгийн үр дүнд мэргэжлийн театр үүсч хөгжих үндсэн нөхцөл бүрдсэн хийгээд Улсын Төв театр, Ардын хувьсгалт цэргийн театр, Залуучуудын театр байгуулагдаж, өрнийн театрын урлагийн арга зарчим, дэг сургуулийн нөлөөн дор ардын театрын уламжлалд түшиглэсэн монголын орчин үеийн драмын урлагийн эх суурь тавигдсан юм.

1921 он – Жанжин Д.Сүхбаатар 1921 оны 10 дугаар сард “Нөхөд та бүхэн ард түмэнд уншуулах, үзүүлэх шинэ утга зохиол, уран сайхны талаарх бүтээлийг гаргавал их сайн байна” гэснээр уран сайхны анхны бүлгэм байгуулагдав.

1922 он – Эвлэлийн түр цагийн төв хорооны гишүүдийн хурлаас Ший жүжгийн бүлгэм байгуулах шийдвэр гарч улмаар С.Буяннэмэхийн санаачилгаар “Ойрхи цагийн товч түүх” жүжгийг 1922 оны 3 дугаар сарын 28-нд тогложээ.

1923 он – Д.Нацагдоржийн “Ушаандар”, “Ядуу эмгэн, өвгөний байдал” (хамтарч бичсэн), “Бэлэн Сэнгийн үлгэр”, “Завхай хүүхэн ба шалиг лам”, Л.Дамдинбазарын тайзны зохиол болгосон “Илданди” зэргийг зохион тогложээ.

1924 он – Жанжин Д.Сүхбаатарын дурсгалд зориулан түүний нэрэмжит төв клубыг байгуулж ший жүжиг, дуу, хөгжим бүжгийн бүлгэмүүд нээгдэв. Алтан үеийн төлөөлөгч Ё.Шаравдоо, Д.Ичинхорлоо, лимбэч Л.Цэрэндорж (Үхэрчин хүү) нар Д.Сүхбаатарын нэрэмжит клубын анхны жүжигчин болов.

1925 он – Д.Сүхбаатарын нэрэмжит клубыг Цэцэний Гомбожав удирдаж, “Ли Шансан” хэмээх хятад зохиолыг жүжиг болгон найруулжээ.

1926 он – Унгар улсын иргэн Иозеф Гелетагийн зураг төслөөр 500 хүний суудалтай “Ардын цэнгэлдэх хүрээлэн” буюу олноо “Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан театрын барилгын ажил эхлэв.

1927 он – Олны дунд “Бөмбөгөр ногоон театр” хэмээн алдаршсан “Ардын цэнгэлдэх хүрээлэн” 7 дугаар сарын 9-нд Олон үндэстний нэгдсэн концертоор нээлтээ хийв.

1931 он – 11 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улсын төв театрыг байгуулж, нээлтээ “Үнэн” жүжгээр баяр ёслолын байдалтай хийжээ.

1931-2021 оны хоорондох Улсын Төв Театр, Хөгжимт Драматик Театр, Драмын Улсын Академик Театр, Улсын Драмын Эрдмийн Театрын түүхийг үзэгч та бүхэн энэ танхимаас үзэх боломжтой.