ТЕАТРЫН УЛАМЖЛАЛЫН ТАНХИМ

Монголчууд театрын баялаг өвтэй. Нүүдэлчний амьдрал нь тусгайлсан байр бүхий театрын урлагийг хөгжүүлэх боломжгүй байсан учир академич Ц.Дамдинсүрэн “… ардын ерөөлч, үлгэрч, хуурч нар болбоос үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвуулангийн үүргийг зэрэг гүйцэтгэж байсан бөгөөд нэг жүжигчинтэй театр байжээ” хэмээн тэмдэглэсэн байдаг.

XIX зууны сүүл XX зууны эхэн үед манай оронд театрчилсан үзвэрийн хэлбэрүүд байсан тухай мэдээ түүхэн эх сурвалжуудад бий.

Халх голд Доржпалам вангийн “Ногоон морины дэг” дуу, бүжиг бүхий жүжиглэл, Увсын хязгаарт С.Лувсандондов жанжны өргөөнд “Өвгөн шувуу хоёр” харилцаа дуу, Ховдод Мичин вангийн биелгээ бүжгийн сургууль, тоглолт, Дорноговьд Д.Данзанравжаагийн сүм театрт “Саран хөхөөний намтар” тоглолт, Сэлэнгэд “Түн нуурын наадам” зэрэг театрчилсан үзүүлбэрийг  үзүүлж байжээ. 

Энэ танхимд үзэгч та бүхэн нүүдэлчин монголчуудын өвөг театр болох тууль хайлах, цам, хүрээний ший янзын түүхтэй танилцахын зэрэгцээ XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн “Намтар дуулах дацан” сүм театртай холбогдох үзмэрүүдийг үзэж болно.

Нэрт соён гэгээрүүлэгч, Говийн догшин ноён хутагт, яруу найрагч Дулдуйтын Данзанравжаа 1832 онд “Намтар дуулах дацан” хэмээх анхны сүм театрыг одоогийн Дорноговь аймгийн Хамарын хийдэд байгуулжээ.

1920-иод онд Их хүрээнд соёлын хэд хэдэн газрууд байжээ. 1924 онд Амгаланбаатарт Жанжны клуб, 1928-29 онуудад хятад ажилчны клуб ажиллаж эхэлсэн. Хүрээнд нийт 10-аад клуб байснаас дөрөвт нь хүмүүс их цуглардаг гол газар байв. Эдгээрээс олонд “Ший янз” хэмээн нэрлэгдсэн хятад ажилчны клубт хятад жүжиг төдийгүй орос, монгол дуу хөгжим, бүжиг концерт, жааз хөгжимтэй нийтийн бүжиг, кино, биллъярд, номын сан, “Ажилчны зам” нэртэй сонины газар, жижиг мухлаг хүртэл ажиллаж байжээ. Ший янз нь тухайн үед монголын театрчилсан тоглолтын хөгжилд багагүй нөлөө үзүүлсэн. Клубын жүжигчдээс шинэ тутам байгуулагдсан мэргэжлийн урлагийн байгууллагад элсэн орж, хожим урлагийн нэрт мастерууд болсон түүхтэй.

Зураг 2. “Өвгөн туульч” Зураач Г.Төмөр-Очир Тос зотон, 54х79см, 1990 он
Зураг 6. “Ший янгуу” Зураач Ц. Нарангэрэл Тос зотон. 50х60 см. 1991 он